Академич С. Дэмбэрэл Эрхүүгийн их сургуулийн хүндэт профессор болов
Чихэнд чимэгтэй
2025-05-20
ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгааны техникийн их сургууль Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэлд хүндэт профессор цол олголоо. Их сургуулийн захирал М.Корняков түүнд өнгөрсөн долоо хоногт профессорын өмсгөл болон энгэрийн цол тэмдгийг гардуулан өгсөн байна. Шагнал гардуулах ёслолд Монголоос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх А.Хүрэлшагай оролцсон бол ОХУ-ын ШУА-ийн Эрхүү дэх салбарын захирал, Сибирийн салбарын Газрын царцдасын хүрээлэнгийн захирал Д.Гладкочуб, В.Матросовын нэрэмжит Системийн динамик ба удирдлагын онолын хүрээлэнгийн захирал И.Бычков болон Эрхүү дэх монгол оюутнуудын төлөөлөл оролцож баяр хүргэжээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн хүн нэр дэвшиж, академич С.Дэмбэрэл сонгогдсон билээ. Тэрбээр 1983 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2003 онд Оросын ШУА-ийн тооцоолон бодох төвд “Мал аж ахуй ба хээрийн экосистемийн харилцан үйлчлэлийн математик загвар” сэдвээр докторын зэрэг, 2017 онд Эрхүүгийн Үндэсний шинжлэх ухаан технологийн их сургуульд “Монгол орны газар хөдлөлт ба чулуулаг мандал дахь хүчдэл хуримтлал болон хэв гажилтын төлөв байдал” сэдвээр геологи-минералогийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.